Бид инээх дуртай. Инээмсэглэнэ, мушилзана, инээнэ, мишээнэ бүр
заримдаа тас тас хөхөрдөг. Шог яриа, наргиа, хошин шог үзүүлбэр, шог
зохиол, инээдтэй явдал гээд энэ бүхэн бидний амьдралд чухал байр суурь
эзэлдэг билээ. Хүн болж төрсний үндсэн онцлогуудын нэг бол яах аргагүй
инээх мөн. Энэ онцлог маань ч бидэнд таалагддаг. Тэгвэл энэ инээд маань
чухам юу вэ? Та ер нь бодож үзэв үү? Хүн хэзээ, яагаад инээдэг вэ? Зарим
хүн нэг юманд элгээ хөштөл инээж байхад нөгөө хүн зөвхөн мушилзаад л
өнгөрдөг.
Инээх нь хүний үүсэлтэй адил настай. Англи, Африк, Монгол, Хятад,
Эскимос гээд ямар ч үндэстэн, ястан, ямар ч хэлтэй бай инээхдээ нэг л
хэлээр ярьдаг. Үүний зэрэгцээ инээдийг судлахад инээд болгон ялгаатай
байдаг нь харагджээ. Хүний инээд нь дууны өнгө, аяс, давтамж зэргээсээ
шалтгаалж хурууны хээ адил ялгаатай байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн
инээдийн ялгааг харъя л даа. Эмэгтэй хүн инээхэд өрц секундэд 500 удаа
чичирч байхад эрэгтэй хүн инээхэд өрц секундэд 280 удаа чичирнэ. Бидэнд
инээдтэй зүйл тохиолдоход амьсгаа давхцан аман дээр ирэх үед маш хурдан
чичирч байдаг бөгөөд ямарч дуурийн дуучин энэхүү хамгийн дээд зэргийн
хоолойг гаргадаггүй байна.
Хөхрөхөд хүний өрц чичирч, зүрхний цохилт хурдасч, хүүхэн хараа томорч,
хурууны үзүүр хөлөрнө. Хөлний булчин, заримдаа давсагны булчин сулрах ба
амьсгаа хаагдаж ээртлээ инээдэг. Иймээс дараагийн инээд хүртэл урт
амьсгаа авах хэрэгтэй. Бидний хэр зэрэг чанга дуугаар, хүчтэй инээх нь
хувь хүний төлөвшлөөс хамаарна. Нэг хүнд шог яриа маш инээдтэй санагдсан
ч зөвхөн зөөлөн инээмсэглэж хариулах жишээтэй.
Хүний сэтгэл санаа, түүнтэй холбоотой явдлуудын тухай мянга мянган ном,
нийтлэл хэвлэгдсэн байдаг. Гэвч эдний ихэнх нь айдас, түгшүүрийн тухай
авч үзсэн байдаг. Инээх шалтгаан заавал тодорхой байдаггүй. Учир нь
хүний инээд хүргэх үйл явдал ч цаг үе, нөхцөл байдлаа дагаад
өөрчлөгддөг. Тиймээс инээд хүргэх бүх байдлыг нэг дор оруулж ерөнхий нэг
тодорхойлолт гаргаж болдоггүй. Нэг хүн янз бүрийн шалтгаанаас болж
инээж болно. Гадилын хальсан дээр хальтирч унаж байгаа хүний хараад,
онигоо сонсоод гэх мэт…Уур хүрсэн үедээ, аятайхан харагдахыг хүсэхдээ,
бүр үхтлээ айсны дараа ч гэсэн инээж л байдаг. Хүүхэд том хүнээс илүү их
инээнэ. Судалгаанаас харахад хүүхдүүд ихэвчлэн бусдыг өвдсөн байхад
илүү их инээдэг юм байна. Хүүхдүүдийг өөрсдөөс нь гадна янз бүрийн ёс
заншил, хувцас, эдлэл, амьдралын хэв маягийг ойлгодог болгохын тулд янз
бүрийн гарал үүсэл, ёс заншилтай хүмүүстэй уулзуулах нь зүйтэй. Харин
бусдын зовлонд зөв хариу үйлдэл үзүүлдэг хүн болгохын тулд ёс суртахууны
хүмүүжил олгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь дэвтэр ном гаргаад заа гэсэн үг
биш, харин амьдрал дээр өөрөө харуулах, сургамжтай өгүүллэг уншиж өгөх
зэргээр заана.
Бергсоны хувьд, ямар нэг зүйл хүнд хамаатай биш л бол инээдтэй байж
болохгүй. Ямар нэг юм сайхан муухай, утгатай утгагүй байж болно, харин
хүн түүнийг ямар нэг юмтай адилтган бодож инээхээс нааш тэдгээр зүйлс
хэзээ ч инээдтэй биш. Та ямар нэг амьтныг хараад инээж байгаа бол түүнд
хүнтэй төстэй араншин, байдал, хөдөлгөөн нэг бол хүний нүүртэй төстэй
царайтай учраас л инээж байна гэсэн үг.
Инээхийг ямар нэг байдлаар тодорхойлж болохгүй ч ямар үед инээдгийг
ангилж хувааж болох юм. Бид ямар нэгэн үйл явдал, байдалд инээхээс
гадна, бие болон сэтгэл санаагаар өдөөгдсөн тохиолдолд бас инээнэ.
Сэтгэл санаа ба биеийн өдөөлтөд инээх
Гижигдэх, нялх хүүхдийг дээш шидэх, илбэ үзэх, ямар нэг аюул өнгөрсний
дараа санаа амрах, ямар нэг оньсого, таавар таах, тэмцээн, уралдаанд
түрүүлэх, хуучин андтайгаа тааралдах, сугалаанаас мөнгө хожих, дуртай
ажлаа хийх, ичих,
Үйл явдал, байдал
Хошин шог сонсох, хэн нэгэн онигоо ярих гээд бүр цаашлаад сонин,
зохицолдоогүй хувцас өмссөн хүн харах, том албан тушаалтан, дээгүүр
зиндааны хүмүүс эвгүй байдалд орж, алдаа хийх, хэн нэгний бусдыг дуурайж
байгааг үзэх, дэндүү сүр бадруулан дэвэргэн ярьж байгаа яриа сонсох
үед, бага насны хүүхэд том хүн шиг хэвлүүхэн аашлах, хүүхэд их мэдэгчийн
дүр эсгэх.
Өнөө үед зарим мэргэжилтнүүд инээхийг ямар нэг сэтгэлийн хөдөлгөөн биш
гэж үзэж байхад зарим нь сэтгэлийн хөдөлгөөн мөн гэж үздэг. Инээхийг
сэтгэлийн хөдөлгөөн биш харьцааны нэг хэлбэр гэж хэлж болох ч, эвшээх,
ханиах гэх мэтийг зөвхөн бие махбодийн талаас нь тайлбарлаж болох үйлдэл
бас биш юм гэдэг нь ойлгомжтой.
Инээх нь заримдаа хүнд байдалд хүргэж ч болдог. Амьсгаа хаагдан, бүх
булчин сулардаг. Бүр хүчтэй инээсэн үед зарим булчингаа ч хянаж чадахаа
байдаг. Жишээ нь, инээхдээ өмдөндөө шээсээ дусаах, хөл нугарах гэх мэт.
Инээхийг яг тодорхойлсон хангалттай заалт байхгүй ч зарим хүмүүс эхлэл
болгож хэд хэдэн тодорхойлолт гаргасан байдаг.
Давуу байдлын илэрхийлэл
Инээхийн хамгийн хуучин бөгөөд хамгийн дэлгэрсэн тодорхойлолт нь, хүний
бусдаас давуу байдлын илэрхийлэл гэжээ. Давуу байдлын тухай ойлголт нь
бүр Плантоны үед ч байжээ. Плантоны үзлээр бол инээх нь зөвхөн хүнд л
байдаг муу чанар, ад зэтгэр, муу муухай юм. Инээдтэй байдалд орж байгаа
хүн өөрийгөө сайн таньж мэдээгүй гэсэн үг. Бид хүмүүсийг хараад шоолж
инээх нь муу зүйл. Хүн инээхийн тулд хүмүүсийн алдаа эндэгдлийг
ашигладаг. Платон, инээдийг дэмжих хэрэггүй ч гэж хэлсэн байдаг.
Магадгүй бидний инээж шоолсон алдаа эндэгдэл өөрт ч тохиолдож болох шүү
дээ. Хүн их инээхдээ хяналтаа алдаж, хүний шинж чанараа алдахад хүрнэ
гээд мөн тэрээр, нэр төртэй хүмүүсийг инээдмийн бай болгох гэсний
хэрэггүй гэжээ.
Аристотелийн хувьд гэвэл Платон шиг инээхийг шоолох хэлбэр гэж үзээд
санал нэгтэй байдаг. Явган шог яриа ч гэсэн түүний хувьд боловсронгуй
доромжлол гэдэг байлаа. Хүмүүс, өөрийг нь хүн шоолон инээхэд дургүй. Шог
яриа нь буруу үйлдэл хийгсдийг зас ч зөв замд нь оруулах нийгмийн
зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж чадах чадвартай. Хүн шоолж инээхдээ
хүний өө сэвийг далимдуулж байгаа учраас амьдралын сайн сайханд
нийцэхгүй. Хэтэрхий шооч хүний өөрийнх нь нэр хүнд ч сайн биш болно.
Аристотель ямар нэг шалтгаанаар инээхийг хорьдоггүй. Харин хэмжээ
хязгаартай байх хэрэгтэй гэж үздэг. Аристогийн хувьд хошигнох нь
шоолохын нэг төрөл учир түүнийг ч бас хэмжээ хязгаартай байлгахын тулд
хуульчлах хэрэгтэй гэж үзжээ.
Үл тохирох байдал
Бид материаллаг ертөнцөд ингэж байвал тэгж хийнэ, ийм тийм байна гэсэн
загварт ертөнцөд амьдарч байна. Тийм учраас бидний бий болгосон тэр хэв
загвараас гажсан тохиолдолд инээцгээдэг. Үүнийг үл тохирох байдал гэж
болно. Үл тохирох байдал нь огт санамсаргүйгээр, мэдэхгүйгээс,
чадахгүйгээс, сураагүйгээс бий болно. Аристотель хүмүүсийн анхаарал нэг
юманд төвлөрч байхад тэс өөр мэдээлэл өгөх нь инээдэм болно гэжээ. Өөр
нэг гүн ухаантан Жеймс Битти үл тохирохын хариу инээд мөн боловч хүн
өөрт тохиолдсон үл тохирох байдалд инээхгүй, бусдынхыг хараад инээнэ,
гэхдээ бас таагүй санагдсан бол инээхгүй гэжээ. Үнэхээр айх, өрөвдөх, ёс
суртахууны зохисгүй байдал нь инээд биш уур хүргэнэ, дургүйцэл
төрүүлнэ.
Тайвшрах байдал
Дээрх хоёр тодорхойлолт нь ямар нэг гадны нөлөөнд үзүүлж байгаа
физиологийн хариу үйлдэл талаас нь харуулж байгаа бол энэ удаа түүний
биологийн явцыг авч үзнэ. Херберт Сперсерийн хувьд инээх нь сэтгэл
хөдлөлийн бусад энгийн хэлбэрүүдээс ялгаатай. Уурласан хүн гараа
зангидаж, хөлөө дэвслэх нь хүч гаргаж буруу үйлдэл хийж магадгүйг
харуулдаг. Гэтэл инээх үйлдэл дараа нь ямар нэгэн өөр байдалд
шилждэггүй. Тиймээс зарим тодорхойлолтоор инээд хүнийг ямар нэгэн
байдалд хүргэх биш, ямар нэгэн байдлаас гаргах гэсэн байдаг. Спенсер
инээхийг, инээх үед ямар ч биеийн хөдөлгөөнд шилжих боломжгүй (уурлах
үед цохих гэх мэт шиг) учраас зөвхөн мэдрэлийн энергийн гадагшлуулахад
үйлчилдэг гэж үзжээ. Сперсерийн хувьд инээхийг уурын хоолой дахь аюулын
цоргыг нээхтэй зүйрлэсэн байдаг. Аюулгүйн цоргыг эхэлж нээхэд уур маш
хүчтэй гадагшлах бөгөөд гарах тусам багасна. Хүн эхлээд маш хүчтэй тас
тас хөхөрсний дараа дараа энэ нь багасаад нуг нуг инээдэг.
Эерэг сэтгэлийн хөдөлгөөний үед инээд нэмэгдэх бөгөөд энэ нь сөрөг
сэтгэл хөдлөлийн багасах эсвэл дарагдсан сэтгэл хөдлөл ил гарах үед
болно. Дуртай тоглоомоо тоглох, хайртай хүнтэйгээ тааралдахдаа бид
инээдэг.
Хүн хиймлээр ч инээж болно. Согтууруулагч, мансууруулагч бодисууд нь
хүнд хиймэл тайвшрал өгч хамгийн эгзэгтэй, чухал асуудлуудыг нь мартуулж
амьдралаас таслан инээлгэнэ.
Энэ бүх тодорхойлолтыг эс тооцоход инээхийн тулд мэдээж инээдтэй юм
мэдрэх хэрэгтэй. Тэгвэл ямар юмыг инээдтэй гэх вэ? Хүн хэчнээн адил
төсөөтэй эрин зуунд амьдарч байсан ч инээх шалтгаан нь ялгаатай байж
болно. Жишээ нь Англичууд хэдэн зууны өмнө хоол идэх хэрэгсэл болох
сэрээг хараад инээцгээж байв. Мөн та Африкийн нэг омгийнхны сүрлэн
хувцсыг хараад инээж болно. Учир нь тэдний хувцас таныхаас огт өөр. Тэд ч
адил таны хэрэглэж байгаа нэг зүйлийг хараад инээж болно. Нэг гадаадын
хүн танай гэрт ирээд таны хувьд энгийн нэг зүйлийг хийх, хэлэх гэж
нэлээд оролдож байгаа нь танд инээдтэй санагдана.
Хүмүүс, соёл, иргэншил, боловсролын төвшин, нас, хүйс, байгаа орчин
зэрэг олон зүйлээс шалтгаалан инээх шалтгаан ч өөрчлөгдөнө. Ямар нэг эв
дүйгүй хөдөлгөөн, бие хэлбэрийн гажуудал, ухаан санааны дутуу байдал
биднийг инээлгэнэ. Уламжлал, хүмүүжлээсээ шалтгаалж бие эрхтний
гажуудлыг хараад амьдрал дээр инээхгүй ч яг адил байдлыг театрт, кинонд
хараад элгээ хөшитлөө инээх жишээтэй. Алиалагч нь биеийн гажуудал дээр
тулгуурласан инээлгэгч юм. Улаан хамар, урт ээтгэр гутал, бүтэлгүй
хөдөлгөөн алиалагчийн үндсэн инээлгэх онцлог юм.
Ухаан санааны дутуу байдал, тэнэгийг хараад инээх нь биеийн гажгийг
хараад инээхтэй бараг адил. Хүүхдийн хүүхэд зан нь инээд хүргэдэг. Учир
нь тэд том хүний хажууд нэг ёсны “ухаан дутууд” тооцогдоно. Хотын
соёлоос хол байдаг хөдөөний хүнийг харж хотынхон инээнэ. Бас
хөдөөгийнхөн хотын хүнийг хараад инээнэ. Ер нь хүн төрөлхтний түүхийн
туршид худалч, согтуу, залхуу, ховч, хоёр нүүртэн, харамч хүмүүс нь хүн
инээлгэх хошин дүр болж иржээ.
Инээдтэй байдал бичигт ч гарч болдог. Жишээ нь дүрмийн алдаанаас болж
өөр утгатай болсон үг нь тухайн өгүүлбэрийн утгыг өөрчилж инээдтэй
болгодог. Ярихад ч ийм байдал гарч болно. Хэл орооцолдон эвгүй дуу авиа
гаргах, өөр нутгийн аялгатай хүний яриа сонсох гэх мэт бүгд л инээдтэй.
Хүн ганцаараа байхдаа инээдтэй юм болсон ч инээхгүй, инээсэн ч мушилзаад
л өнгөрнө. Харин тэр явдлыг хүнд ярьж байж сая хүчтэй инээнэ. Инээдийг
хүнтэй хуваалцаж байж хөгжөөнө. Танихгүй хүнтэй уулзахдаа тэр хүнийг
тантай хэрхэн харьцахыг мэдэхгүйгээс сандарна. Харин анхны инээмсэглэл
маш чухал бөгөөд энэ нь тухайн хүн таныг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.
Инээд заримдаа халдварладаг. Яагаад инээснийг нь мэдэхгүй байж дагаад
инээдэг шүү дээ. Энэ үнэхээр инээдтэй юманд нь инээж байгаа хэрэг бус
харин өөрийгөө найдвартай байдалд байгаагаа мэдрэх мэдрэмжээс төрсөн
инээд юм. Инээд нь эрүүл мэндэд сайн гэдэг нь нотлогджээ. Сэтгэл
санаагаар өөдрөг, инээж явдаг өвчтнүүд бусдыгаа бодвол хурдан эдгэрдэг
гэнэ. Хүнийг нийгэмд түлхэн оруулдаг хамгийн нөлөөтэй
No comments:
Post a Comment